Д.Батмөнх: ISO хэрэгжүүлнэ, нэвтрүүлнэ, баталгаажуулна гэдэг нь үйл ажиллагаагаа стандартчилж тогтмол чанаржуулах явц юм

Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор боловсрол сургалтын байгууллага Олон улсын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн анхны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болжээ.

Энэ талаар тус сургуулийн Ерөнхий захирал Д.Батмөнхтэй ярилцлаа.


– Юуны өмнө Олон улсын чанарын стандартын гэрчилгээ авсан танай хамт олонд баяр хүргэе. 
– Баярлалаа. Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолборынхоо сургалтын болон сургалтыг дэмжих үйл ажиллагаа, алба нэгжүүдэд хэрэгждэг бүхий л ажилд Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, үүнийгээ олон улсын байгууллагаар баталгаажуулсан Монголын анхны дунд сургууль болсондоо манай хамт олон баяртай байгаа.

ISO хэрэгжүүлнэ, нэвтрүүлнэ, баталгаажуулна гэдэг нь зөвхөн тодорхой хугацаанд шинээр хийх ажил биш харин байнгын тогтмолжсон үйл ажиллагаагаа улам чанаржуулах, системчлэх, стандартчилах гэсэн утгатай юм. Бид бүхий л үйл ажиллагаагаа энэ гольдролоор явуулах гэж хичээж, зүтгэж ирсэн. Манай байгууллагын 200 гаруй хүний хамтын хөдөлмөр, гүйцэтгэх захирал А.Ууганбаяр тэргүүтэй чадварлаг менежментийн багийн зүтгэл, нэгдсэн үйл ажиллагаа өнөөдрийн энэ амжилтанд хөтөлж чадлаа.

– Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн гэж ойлгож болох уу?
– Тийм шүү. Бид анх сургуулиа байгуулахдаа үйл ажиллагаа нь олон улсын стандартын шаардлагад нийцсэн, сэтгэл зүйн, оюуны, үйлийн таатай орчин бүрдсэн, Дэлхийн боловсролыг Монголдоо эзэмших бүрэн боломжийг бүрдүүлсэн тийм л сургууль бий болгох гэж зорьсон.

Менежментийн баг, сургалт болон үйл ажиллагааны албадын бүхий л ажил энэхүү зорилтод нийцэж ирсэн. Үр дүнд нь бид хүүхэд гэр бүлдээ өсөн торниж, эх орондоо ээж аавынхаа дэргэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чанартай боловсрол эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын хөтөлбөрийг заах чадвартай монгол багш нарыг бэлтгэн хөгжүүлэх гээд салбартаа олон зүйлийн анхдагч байж чадсан.

ISO стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдсанаар бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан арвин туршлагаа мэдлэг болгон үлдээх боломжтой болж байгаа нь энэ үйл явдлын үнэ цэнийг өргөж байна.

– Орчлон хос хөтөлбөртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг нь стандартыг хангахад хэр нөлөөлөв?
– Аливаа улс орны тэргүүлэх салбар бол боловсрол байдаг. Өнөөдөр боловсролыг дан ганц академик мэдлэг хэр эзэмшиж байгаагаар тогтоох нь өрөөсгөл ойлголт болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Академик боловсрол, зүрх сэтгэлийн боловсрол, хүн байх ухааныг хамтад нь олгоход боловсролын салбар анхаарлаа хандуулж, бодлогоо тодорхойлох нэн шаардлагатай болсон.

Манай сургуулийн хос хөтөлбөрийн хувьд ээлжит хичээл, хичээлээс гадуурх ажил, ээлжит хөгжүүлэх ажил гэсэн гурван үндсэн чиглэлтэй явагддаг. Кембрижийн суралцагчийн таван үндсэн зарчим болох өөртөө итгэлтэй, хариуцлагатай, тунгаах чадвартай, шинийг санаачлагч, оролцоотой байх чадваруудыг эзэмшүүлэх замаар бид сурагчдаа мэдээлэл хүлээн авч боловсруулах, эрэл хайгуул хийх, аливаад бүтээлч хандах зэрэг чадварт сургаж байна. Түүнчлэн Хүмүүжлийн хөтөлбөрийн баг, Сургалтын алба хамтран хүүхдийн хүмүүжил төлөвшил, хүн байх ухаан, амьдрах чадварт суралцах арга ухаанд сургах олон талт цогц бодлого хэрэгжүүлдэг.

Эрүүл бие-сэтгэл-оюун ухааны цогц нэгдлийг хөгжүүлснээр хүүхэд өөрийгөө зөв таньж, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, гэр бүлдээ хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, байгаль орчиндоо ээлтэй, эерэг хандлага төлөвшилтэй, аз жаргалтай иргэн болж төлөвшинө гэж үздэг маань олон улсын хандлагатай нийцэж байгаа.

– Дэлхийн иргэн байхыг шаардсан цаг үед бид амьдарч байна. 
– Сургалт гэдэг зөвхөн академик мэдлэг биш, үүний цаана хувь хүний хөгжил, суралцах арга барил эзэмшүүлэх, мэдлэг бүтээх, мэдээлэл хайх, олох, боловсруулах гээд олон чадварт сургахыг хэлдэг. Бид сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж, сургалтын чанараа сайжруулахын тулд олон төрлийн судалгаа хийдэг. Тухайлбал нийгмийн ажилтан суралцахуйн хэв шинж, зан байдлын илрэлийн судалгаа зэргийг хийж багш нараа мэдээллээр ханган, багш нар арга зүйн боловсруулалтаа төлөвлөн сургалтаа явуулдаг.

Энгийнээр хэлбэл тухайн суралцагч маань харах, сонсох, өөрөө хийж үзэх гэх мэт үйлийн аль төрлөөр давамгайлан суралцах чадвартайг судалж сурагчаа нээн илрүүлнэ гэсэн үг. Нөгөө талаас сүүлийн үед STEM гэх нэршил түгээмэл ашиглагдах болсон. Энэ нь байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн үгсийн товчлол. Даяарчлал, технологийн хөгжил, технологийн нийлэмж маш хурдацтай явагдаж байгаа өнөө үед сургалтын болон дунд хугацааныхаа төлөвлөлтөнд STEM чиглэлийг зайлшгүй авч үзэх шаардлагатай юм. Тодруулбал, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд STEM чиглэлээр үүссэн ажлын байр хамгийн их эрэлттэй, боловсон хүчнээр дутагдсан хэвээр байна.

Эдгээр ажлын байр ажилтнаас хөрвөх, дасан зохицох, багаар ажиллах, хүмүүнлэг байх, асуудал шийдвэрлэх зэрэг олон чадварыг шаардаж байна. Үүний дагуу боловсон хүчин бэлтгэх нь их дээд сургуулиудын зайлшгүй хийх зүйл бөгөөд бидэнд энэ шаардлагын дагуу их дээд сургуульд элсэгчдийг бэлтгэх хэрэгцээ үүсч байгаа юм.

– Сургалтын чанарыг хүүхдэд дамжуулж буй мэдээллийн агуулгаар биш сурагч болгоны мэдээллийг олж авах, түүнийгээ мэдлэг болгох арга замыг эзэмшсэн эсэхээр хэмжээд байнаа даа?

– Их хурдацтай даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд хүүхдийг зөвхөн хичээлийн дүнгээр үнэлж, сургалтын амжилтаар бусадтай нь өрсөлдүүлэхийн сул тал нь түүнийг амьдрал дээр гараад хувиа бодсон, ганцаардмал, бүтээлч сэтгэлгээгүй иргэн болгох хандлагатай байдаг. Тиймээс хүүхдийг хувь хүний хувьд хөгжүүлэх хөтөлбөрийг нэвтрүүлж, цогц хүн болж төлөвших үзүүлэлтээр нь үнэлэх шаардлагатай тулгарч байна. Цогц гэдэг нь бие-сэтгэл-оюун ухааны тэнцвэртэй нэгдлийг хэлж байгаа юм.

Эрүүл хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг эрүүл бие нь оюун ухаанаа зөв удирдаж, бодь сэтгэлтэй байх тухай ойлголт. Манай сургуулийн хувьд 2008 оноос эхлэн хос хөтөлбөрийн боловсрол олгох тогтолцоонд илүү анхаарч ирсэн бол 2015 оноос орон тооны сэтгэлзүйч, ахлах сургуулийн зөвлөхийг нийгмийн ажилтантай хамт баг болгон ажиллуулсан. Үүнийгээ бид Хүүхэд хөгжлийн баг гэж нэрлэж байгаа. Энэ багт бас эмч багтдаг. Сэтгэлзүйч хүүхдийг мэдрэмж, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэхэд нь туслах, хэрхэн өөртөө итгэлтэй болох, бусадтай эерэг харилцаа тогтоох, стрессийг эерэгээр даван туулах, дасан зохицох чадварыг хөгжүүлэх тал дээр ажиллаж эмч хүүхдийн бие бялдрын үзүүлэлт, эрүүл хооллолт дээр үнэлгээ хийж, зохих арга хэмжээг авдаг.

Нийгмийн ажилтан хүүхдийн суралцахуйн хэв шинж, зан байдлын илрэл, мэдээлэл хүлээн авах, боловсруулах хэв шинж зэргийг тодорхойлж, бусадтайгаа хамтран суралцах чадварыг хөгжүүлэх талд анхаардаг.

– Цаашид сургалтын хөтөлбөр хэрхэн өөрчлөгдөх хандлагатай байна вэ?
– Өнөөдөр дэлхийн боловсролын чиг хандлага хүүхэд хэрхэн эрүүл, хүнлэг, аз жаргалтай, өв тэгш байх дадлыг төлөвшүүлэх дээр анхаарч байна. Үүний тулд олон улс сургалтын агуулгадаа “Social and Emotional Learning (SEL)” буюу “Нийгэмших болон өөрийгөө танихад суралцахуй”-н арга зүйг түлхүү тусгаад эхэллээ.

Олон улсын судалгааны дүнгээр суралцах болон сурган хүмүүжүүлэх нь хүн өөрийнхөө тухай болон гэр бүл, найз нөхөд, орчин тойрноо юу гэж бодож, эдгээрт ямар мэдрэмжтэй байдагтай салшгүй холбоотой гэдэг нь батлагдсан. Дэлхийд боловсролоороо тэргүүлэгч Финланд, Канад, Америк зэрэг улсуудад энэхүү сургалтыг сургуулиуд тогтолцоондоо нэвтрүүлээд олон жил болж байна. Үр дүнд нь хүүхдийн сурлагын амжилт эрс сайжрахын хажуугаар илүү аз жаргалтай болсон. Тиймээс бид энэ тал руу сургалт, хүмүүжлийн ажлаа чиглүүлэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, Монгол уламжлал, өв соёлоо хүндлэн хадгалсан, түгээн дэлгэрүүлсэн, хүнлэг, бүтээлч иргэдийг бэлтгэхэд чиглэсэн том зорилтыг төсөл болгон эхлүүлээд байна.

– Олон улсын түвшний боловсрол олгох багш нарыг бэлтгэх, хөгжүүлэх талаар?
– Бид сургуулиа байгуулсан цагаасаа л анхаарч ирсэн гол ажлын нэг бол багш нараа бэлтгэх. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын боловсролын хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлэхэд дан ганц гадаадын мэргэжилтэн багш нарт тулгуурлах бус үндэсний чадварлаг боловсон хүчинг бэлтгэж, улмаар дэлхийд өрсөлдөх сургалтын чанарыг бий болгож чадна гэдэгт бид тууштай итгэж ирсэн.

Монгол багш Кембрижийн хөтөлбөрөөр хичээл заах чадвартай, боломжтой, Монгол сурагчдын оюуны чадвар олон улсын түвшинд эн тэнцүү өрсөлдөх чадвартай гэдгийг харуулах зорилгоор уг хөтөлбөрийг эх орондоо нутагшуулан нэвтрүүлсэн маань ч энэ бодлоготой холбоотой. Кембрижийн хөтөлбөрийг монгол багш нар чанартай заах бүрэн боломжтой ч туршлага хуримтлуулж, хөтөлбөрөө бүрэн эзэмших хүртлээ цахим болон танхимын сургалтанд тогтмол хамрагдах шаардлагатай байдаг. Энэ үүднээс, түүнчлэн багш ажлын байран дээрээ суралцаж хөгжих боломжийг нэмэгдүүлэхийн тулд “Кембрижийн багш хөгжлийн төв” (PDQ) болох хүсэлт гарган тодорхой шалгуурыг хангаснаар манай байгууллага 2017 онд албан ёсны төв болж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Дээр дурдсанчлан хүүхдүүд эх орондоо, аав ээжийнхээ дэргэд дэлхийн хэмжээний боловсрол эзэмших боломж бүрдүүлэх нь манай үндсэн зорилго байсантай нэгэн адил багшлах боловсон хүчин маань эх орондоо ажиллаж, гэр бүлтэйгээ амьдрангаа дэлхийн хэмжээний багш болох нь манай нэг чухал зорилт юм. PDQ төвд багш нар гурван модуль бүхий хөтөлбөрт хамрагдсанаар олон улсын хэмжээнд хичээл заах боломжтой болдог. Одоогоор PDQ төвийн эхний жилийн сургалтанд 11 багш хамрагдаж байна.

Багш бэлтгэх, багшаа чадавхжуулах, улмаар Орчлон брэндийг бий болгох, өөрийн онцлог бүхий сургалтын хөтөлбөрөөр багш нартаа арга зүйн сургалт явуулах энэ амаргүй ажлыг манай менежментийн баг, сургалтын менежерүүд болон Орчлон сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, одоо PDQ хөтөлбөрийн удирдагч Ц.Жаргалмаа, Боловсрол судлалын ухааны доктор Д.Батболд нар хамтын хүчээр босгон өнөөдрийн түвшинд хүргэснийг энд дурдах ёстой.

– Орчлон сургууль Олон улсын стандартыг цогц байдлаар нэвтрүүлсэн нь онцлог санагдаж байна?
– Сурагчдын эрүүл мэнд, бие бялдрын зөв өсөлтийг дэмжсэн сурагчийн дүрэмт хувцас, эцэг эхийн цагийг хэмнэсэн, нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, агаарын бохирдолыг багасгахад бага ч гэсэн хувь нэмэртэй сурагчийн автобусны үйлчилгээ гээд сургалтыг дэмжих бүх үйлчилгээ, үйл ажиллагаагаараа бид уг стандартыг хангаж чадсан.

Өнөөдөр дан ганц боловсрол гэлтгүй олон салбарт мэдээлэл харилцаа холбооны технологи түлхүү ашиглагдах хандлагатай болсон тул манай сургуулийн хэмжээнд ашиглагдаж буй Мэдээллийн технологийн системүүдийг бас дурдахгүй орхиж болохгүй. Одоогийн байдлаар манай байгууллага мэдээлэл технологийн зургаан багц системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна. Сурагчийн үнэлгээний цахим системийг 2006 оноос нэвтрүүлсэн нь анхных болж байлаа. Сургууль дээр бэлэн мөнгөний гүйлгээг зогсоож, сурагчийн карт, онлайн карт цэнэглэлтийн тогтолцоог нэвтрүүлээд хичээлийн хоёр жил болж байна. Цаашид эдгээр системийн хоорондын уялдааг хангах замаар илүү боловсронгуй болгоно.

Энэ нь бид байгууллагаараа цахим технологийн дэвшлийг хэрэглээд зогсохгүй, хэрэглэгч эцэг эхчүүддээ ч түгээн дэлгэрүүлж, нэвтрүүлж тэдний цаг завыг хэмнэсэн, мэдээллээр тасралтгүй хангасан ажил болж чадсан.

– Сургуулийн өмнөх боловсролын Монтессори хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу?
– Хүний хөгжлийн үндэс суурь сургуулийн өмнөх насанд тавигддаг. Энэ үед сургуулийн өмнөх боловсрол олгох мэргэжлийн байгууллага, эцэг эх хамтран ажиллаж, хүүхдийг зөв дадал хэвшилд сургаж, зөв суурь тавих нь нэн чухал. Иймээс бид боловсролын энэ шатанд мөн анхаарлаа хандуулж, олон улсын түвшний хөтөлбөрийг нэвтрүүлэхээр шийдсэн.

Манай цэцэрлэгийн зөвлөх багш Д.Банзрагчмаа Монголын анхны Монтессори хөтөлбөрийн багш болон бэлтгэгдэж бид энэ хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн. Хүүхдийг багаас нь бие даах чадварт сургаж, олон талт боловсролын үндэс суурийг тавихад чухал нөлөөтэй энэ хөтөлбөрөөр сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн хүүхэд өөрөө өөртөө үйлчлэх дадал хэвшил, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах чадвар, зохистой хооллолтоор хооллож, эрүүл ахуйн эерэг дадлуудад суралцах гээд олон зүйлийг сураад сургуульд элсдэг.

– Олон улсын стандартыг байнга бататгах нь амаргүй байх болов уу?
– Бид анхнаасаа бүх үйл ажиллагаа, орчин нөхцөлөө олон улсын жишигт нийцэхээр тооцоолсон маань стандартыг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх, цаашид хадгалж явахад давуу тал болж байна. Сургуулийн байр, анги танхимын шийдэл, тусгай зориулалтын лабораторийн бүтэц, зохион байгуулалт гээд орчны хувьд эрүүл, аюулгүй, стандартыг цогцоор нь шийдэж чадсан.

ISO хэрэгжилтийн алтан дүрэм гэж хэлж болох PDCA буюу Төлөвлө, Хий, Шалга, Сайжруул гэсэн давтамж, эргэлтээр манай бүх үйл ажиллагаа төлөвлөгддөг. Сургуулийн орчныг бүрдүүлж, сургалтын чанарыг сайжруулж, үйл ажиллагаагаа жигдрүүлэхийн төлөө олон жил үе шаттайгаар хөдөлмөрлөсөн манай хамт олны хичээл зүтгэл цаашид ч үргэлжилсээр байх болно.

– Таны хувьд боловсролын байгууллагад ажиллахын сайхан нь юу вэ?
– Сайхан тал нь түлхүү шүү. Хүндрэл бэрхшээлгүй ажил гэж угаасаа хаана байхав. Хэцүү саад даваа бүхнийг бид хамтын хүчээр шийдвэрлэн ард нь гардаг. Боловсролын салбар тасралтгүй хөгжиж, урагшилж, шинэ бүхэнд хөтөлж байдаг. Мөн үргэлжид хүүхдийн баяр хөөр, инээд баясал, итгэл бахархал гэрэлтсэн харцан дунд ажиллана гэдэг ховорхон боломж.

Өглөө яаран ирнэ. Нүдэн дээр өсч торнин, хөгжин төлөвшиж, суралцаж, чадваржиж байгаа шавь нараа харах, тэдний дунд байх нь миний хувьд, багш хүний хувьд амьдралын маань бас нэгэн утга учир юм даа. Хүүхэдтэй ажиллаж буй багш хүний төрөлхийн зөн мэдрэмж сайн хөгждөг байх гэж би боддог. Энэ хүүхэд маань яав, ар гэр нь яагаа бол, аав нь, ээж нь ямар хандлагатай байна гээд, сургууль цэцэрлэгт олон жил ажиллаад ирэхээр хүний харц, дууны өнгөөр бүхнийг мэдэрдэг болдог юм шиг байна. 20 гаруй жил энэ салбарт ажиллаж байгаа ч багш, шавь нараасаа цаг үргэлж суралцсаар л байна.

Багш хүн гэдэг мөнхийн гэгээн орчинд, үргэлжид суралцаж хөгжсөөр байдаг, огт зогсож болдоггүй мэргэжил эзэмшсэн болохоор хамгийн азтай хүмүүс ч юм уу.

– Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.